Thursday, August 23, 2007

Ангийн хатагтай нарын тухай

Өмнөх нийтлэлээр дан хөвгүүдийнхээ тухай бичсэнээ өөрөө ч мэдсэнгүй. Зарим нэг хүмүүсээс шүүмжлэл ирээд би гэдэг хүн чин жендерээр ялгаварлан гадуурхагч болохоо шахлаа. За энэ ч яахав, наргиа байлаа. Ингэхэд охид маань хаана юу хийж явна аа?

Бат-Гэрэл (Гэрлээ)

Тэрээр саяхан алс холын Ирланд нутгаас ирээд эх нутагтаа амарч байна. Тун удахгүй буцна гэсэн. Гэрлээ Ирландад сурахын зэрэгцээ ажиллаад тун дажгүй байгаа гэсэн шүү. Тэрээр саяхан Ганболдынд ангиараа очиход ирсэн бөгөөд ааш зан, дүр төрх нь огт өөрчлөгдөөгүй, яг л их сургуулийн Гэрлээ тэр л хэвээрээ байна лээ. Гэрлээ хаа нэг ангийн охидын атамантай (Өлзийнаран) чаталдаг сурагтай. Охидын атаман ч яахав хэл ам нь гүйцэгдэхгүй, хорон үгтэй болохоор Гэрлээг шонхооной, монхооной.......гээд л элдэвээр дууддаг гэсэн. Гэрлээ хэзээний л мужик зантай , элдэв янзын тоглоом даадаг тулдаа л гомддоггүй юм шиг байна лээ шүү. Өөр хүн бол хөөрхий Өлзийг цааш нь харуулах байхдаа хэ хэ.

........ (үргэлжлэл бий)

Monday, August 20, 2007

Манайхнаар сонин сайхан юу байна даа.....















Ангийн анд нар маань амь, албаны ажлаа амжуулах, гадаад дотоодод томилолтоор ажиллах, уул уурхайн салбарын тулгамдсан асуудлаар төр засагтаа үгээ хүргэх зэргээр энэ зуныг нэлээд идэвхитэй, бас завгүйхэн өнгөрөөж байх шиг байна. Гэсэн хэдий ч тэд маань цаг заваа зохицуулан аав болсон нэгнийдээ очиж, баяр хүргэхээ ч мартсангүй. Ингээд ангийн нөхдийн энэ зуны сониноос товч өгүүлье.


С.Болд

(ҮХЯ-ны мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга)

С.Болд 2007 оны 6-р сарын 3-7-ны хооронд Намиби улсын нийслэл Виндүк хотноо “Өмнөд африкийн суурь металлын аж үйлдвэрлэл дэх уул уурхайн хөрөнгө оруулалтын бодлого” сэдэвт олон улсын хуралд оролцоод иржээ. Тэрээр африкийн орнууд дахь суурь металлын хөрөнгө оруулалтын бодлогын тухай хэлэлцэн, эрдэс баялгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь татвар, төлбөрийг бууруулснаар дэмжигдэхгүй харин улс төр, засаглалын хариуцлагатай, ил тод, нийцтэй байдал, хууль эрхзүйн тогтвортой, тодорхой орчин, мөн хараат бус, шударга хяналтын тогтолцоогоор тус тус идэвхждэг гэсэн дүгнэлт хийсэн байна.

С.Болд маань ажлынхаа хажуугаар part time-р ажиллахын зэрэгцээ нэлээд хэдэн том төслүүд авчихсан, унтах ч завгүй байгаа бололтой. Гэхдээ тэрээр цагийн менежмент сайтай учраас хичнээн их ачаалалтай байсан ч гэсэн нэг их ядаргаанд орохгүй байгаа бизээ.

С.Төгсбаяр

(Түлш эрчим хүчний яамны нүүрс гүн боловсруулах хэлтсийн мэргэжилтэн)

Төгсөө маань Нүүрс гүн боловсруулах технологи судлахаар БНХАУ-д томилолтоор ажиллаж байна. Тэрээр 8-р сарын эхээр явсан бөгөөд 11-р сард ирэх сурагтай байна.

П.Өлзий-Наран

(Монгол Солонгосын хамтарсан компанийн төслийн инженер)

П.Өлзий-Наран туршлага судлахаар Австрали улсад сарын хугацаатай томилолтоор ажиллаж байна.

Ж.Мөнхсайхан (Адуунчулуун ХХК-ийн засварын төвийн дарга)

“Уул уурхай ухрах уу, урагшлах уу” сэдэвт сануулах цуглаан энэ сарын 13-нд Монголын үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв өргөөнд болсон билээ. Миний бие нь тус цуглаан дээр ангийхнаасаа сураг тасарсан гэгдээд буй Ж.Мөнхсайхантай санаандгүй таарсан юм. Тэрээр Адуунчулууны нүүрсний уурхайг төлөөлөн уг цуглаанд оролцохоор ирсэн юм байж. Мөнхсайхан маань одоогоор тус уурхайн засварын төвийн даргаар ажиллаж байгаа бөгөөд эхнэр, хүүтэй болсон байна. Эхнэр нь нутгийн эгэл бүсгүй, харин хүү нь 6 настай хэдий ч том биетэй, аавыгаа өвчсөн мэт адилхан, хөөрхөн хүү болсон байна билээ.

Энэ амралтын өдөр буюу 8-р сарын 18-ны бямба гаригийн үдэш тэрээр ТВ-5 телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, нүүрсний салбарын тулгамдаж буй асуудал, шийдэх арга замын талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн. Дашрамд дурьдахад Мөнхсайхан маань анх удаа ТВ-д ярилцлага өгч байгаа болохоор жаахан сандраад , сэм сэмхэн хөлсөө арчаад байгаа нь харагдсан шүү. Гэхдээ маш сайн ярьж байна лээ...

Б.Үүрцайх.

(Монгол-Японы хамтарсан МЯК” ХХК-ийн төсөл судалгаа, худалдаа хариуцсан захирал)

Тэрээр тус компанид менежер хийж байгаад 6-р сараас “Төсөл судалгаа, худалдаа хариуцсан захирал”-аар албан тушаал дэвшин ажиллаж байна. Үүрцайхдаа ангийн нэрийн өмнөөс баяр хүргээд, ажлын өндөр амжилт хүсье.

Б.Болбаяр (хувийн бизнес)

Б.Болдбаяр АНУ-д уул уурхайн мэргэжил эзэмшин эх нутагтаа ирж, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжийн нэг болох "Бороо Гоулд" ХХК-д ажиллаж байсан билээ. Гэвч тэрээр Монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөж буй талаар өөрийн үгээ удирдлагууддаа хэлсэний улмаас хавчигдан гадуурхагдаж, улмаар хууль бус шалтгаанаар 2006 оны намар Бороо Гоулдоос халагдсан юм. Тэрээр шударга бус байдалтай үл эвлэрэн тус компанийг шүүхэд өгсөн бөгөөд энэ 8-р сард шүүхийн шийдвэр Б.Болдбаярын талд эцэслэн гарчээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Болдбаярт учирсан бүх хохирлыг "Бороо Гоулд" ХХК бүрэн төлөхөөр болсон байна. Монголын шүүх тэгтлээ ч бас ялзарчихаагүй, шударга үнэн дийлдэг л юм байна хүмүүс ээ.



Ц.Ганболд (
Хас банкны аудитор)

Тэрээр үрийн зулай үнэрлээд сар гаруй болж байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн үдэш ангийн хэсэг нөхөд Ганболд дээр очиж баяр хүргэнгээ, түүний шадивлан дахь зусланд очицгоов. Тэндэхийн сайхан цэнгэг агаараар нь амьсгалж, хууч хөөрөнгөө бяцхан хөгжилдөн цэнгэлдээд авав. Ганболдын хөвүүн нэг сартай гэхэд том биетэй, бөх шинжтэй хүү байна лээ шүү.

Батыр-Бек (Хас банкны Налайх салбарын захирал)

Бек маань захирлаа хийгээд л байна. Түүнийг ойрноос эхнэртэй болж байгаа тухай мессеж нисээд байгаа. Өөрөө энэ талаар маш их нууцалж байгаа гэнэ лээ.

О.Эрдэнэ-Бат (Эрдэнэт үйлдвэрийн маркетингийн менежер)

Эх нутаг яасан сайхан юм бэ гээд л, Эрдэнэбат маань Англид дасаж өгөхгүй жаахан хэцүү л байх шиг байна лээ. Хүний газар, гүний нутагт эрдэм сурахаар зориг шулуудсан бол тэр мэт нь гайгүй байлгүй дээ Эрдэнэбатаа....


За түр баяртай андуудаа. (Цаг зав муутайхан байсан учир хэл эвэлсэнгүй, хэдэн хачин мөрүүд таталчихлаа. Уучилна биздээ хэ хэ.)




Thursday, August 2, 2007

Эрдэнэ-Бат Англи улсад мэргэжил дээшлүүлэхээр явлаа


Эрдэнэ-Бат маань алс холын Англи улсад мэргэжил дээшлүүлэхээр 1 жилийн хугаатай явлаа. Тэрээр одоо Манчестр хотод суралцаж, амьдарч байна. Анддаа ангийн нөхдийн өмнөөс баяр хүргэхийн ялдамд ажлын амжилт хүсье.